Сонгодог менежментгүй сонгодог урлаг (2010-10-5)
"Жизель” балетыг үзлээ (2010 оны 10 сарын 25). Балет үзэх, эргэн тойрны үзэгчдийг харах, үзвэр хүлээх хооронд элдэв янзын бодол төрж байна…
Манай Дуурь бүжгийн эрдмийн театр бол үнэхээр "хөөрхөн" театр юм аа, ур хийц, хэмжээ дамжаа яг таарсан, хэний ч өмнө нүүр улайхааргүй (дэлхийн 200 гаруй улсаас ердөө 40 гаруй нь л сонгодог урлагийн театр-тай гэдэг). Өмнөх үеэс уламжилж авсан тодорхой түвшинд хүрсэн сонгодог урлагийн хуримтлагдсан ур чадвар, театрын зохион байгуулалт, соёл, туршлага байна. Иймээс тоглолт ч сайхан болж байна аа, өөлөх юм алга.
Гэхдээ энэ театрт орж үзвэр үзэх болгонд тоглолт, урлаг талаасаа биш тоглолтын эргэн тойрны ерөнхий зохион байгуулалт, менежмент, дэг жаягийн талаар байнга нэг бодол төрдөг, яг тэр мэдрэмж энэ удаад бас л төрж байх юм. Энэ сайхан тоглолтыг жинхэнэ "сонгодог” байдлаар зохион байгуулж, дэглэж болдоггүй юм байх даа?
Сонгодог урлаг бол зүгээр нэг тайзан дээр тоглож буй жүжиг, тоглолт биш юм. Энэ бол үзэгчид, театр, дотоод засал чимэглэл, эргэн тойрон болж буй бүх зүйлстэйгээ цогц нэг үйл явдал, арга хэмжээ юм. Үзэгчид өөрсдөө тэр оройн тоглолтын оролцогчид нь байдаг. Анх сонгодог урлаг хөгжиж эхэлсэн түүх нь тухайн үеийн дээдсийн амьдралын дүр төрх, бусдаас ялгарах, зэрэг зиндаагаа илэрхийлэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй нь салшгүй холбоотой. Үнэндээ тэр үед дуурь, балет алгасахгүй үздэг, үзээд уулга алдан алга ташин удаан зогсдог дээдсүүдийн ихэнхи нь урлаг гээчийг ойлгодоггүй, тоглолтон дундуур дугхийгээд авдаг, дүр эсгэгч нар байсан гэвэл нэг их гүтгэлэг болохгүй.
Тэд урлаг ойлгодог, боловсронгуй дүр эсгэх гэж, бусдад өөрийн зиндаа, гоёо гангараагаа гайхуулах гэж, бусдад харагдах, бусадтай тааралдах гэж л ирдэг байж. Сонгодог урлагийн театр ихэвчлэн том өргөн шаттай, уужим зайтай байдаг даа, тэр том заал, шатан дээр л дээдсүүд гоё ганган ямбатайгаа дээш доош алхалж, бие биетэйгээ уулзаж ёсорхож, хов хэлэлцдэг байжээ. Тэд театрт уралдан мөнгө хандивлаж, хөрөнгө оруулж, театр бариулдаг байж. Эдгээр дээдсийн ачаар, ийм соёл, эрэлт хэрэгцээний сиймхийгээр л жинхэнэ урлагийг жинхэнэ уран бүтээлчид нь хөгжүүлж харин амжжээ. Ер нь тухайн нийгэмд юу хөгжүүлэхийг тухайн нийгмийн элит хэсгийн хүсэл, таашаал, соёл шууд шийддэг бололтой.
Ийм нөхцөлд, ийм зорилгоор үүссэн урлагийг бид “социалист” сэтгэхүйгээр үзэгчид дэмжигчдээс нь салангид үзэж, билетийг нь нийтэд кино шиг үнэлээд, хошин шог шиг найруулаад, яг тэдэнтэй өрсөлдүүлж, яг тэдний үзэгчдэд санал болгож зарчихаад, тэгээд "үзэгчид ойлгохгүй байна, киноноос үнэтэй бол хүн үздэггүй, сонгодог урлаг сөнөлөө" гэж үглэх нь ямар ч утга учир алга аа.
Сонгодог урлагийг хөгжүүлье гэвэл, ер нь ямар ч зүйлийг хөгжүүлье гэвэл зах зээл, эрэлт хэрэгцээтэй нь холбох нь л амин чухал зүйл юм. Энэ ажлыг сайн менежер л хийнэ. Гэтэл бид яг хуучин сэтгэхүйгээрээ зах зээлийн ямар ч мэдрэмжгүйгээр тайзан дээрээ тоглолтоо хийж, билетээ хэнд ч хамаагүй борлуулах, шахах, төрөөс төсөв гуйх аргаар л амь зогоож байна. Надад бол Сонгодог урлагийн театр дээр яг л ийм дүр зураг харагдаж байна. Яг энэ урлагийн менежмент хариуцаж буй хэсэг энэ урлагийн мөн чанараа өөрсдөө ойлгохгүй байгаа юм биш үү? Тоглолт хийхээр л социализмын үе шиг хэн нэг нь худалдаж авах ёстой, анги хамт олноороо үзэх ёстой гэж хүлээгээд байгаа юм биш үү?
Жишээ нь, бидний үзсэн "Жизель" бол зөвхөн найруулж дэглэсэн болон бүжиглэсэн уран бүтээлчдийн тайзан дээр л хийсэн тоглолт байлаа, яг л Тэнгис кино театрт бүтэн сар үргэлжлэн гарч байгаа "Намрын синдром" кино шиг, ямар ч ялгаа байхгүй.
Уг нь тоглолтын “найруулгыг” бүх үзэгчдийг оролцуулан хийж, тэд юу өмсөх, биеэ хэрхэн авч явах, ямар дуу авиа гаргаж болох болохгүй, тоглолтоос хоцрохгүй байх, хэдэн насны хүн орж болох гэх мэт бүхий л зүйлийг багтаан журамлаж, зохион байгуулмаар байх юм. Одоо ийм журам, ёс дэг байхгүй тул кино театраас ялгарах юмгүй болоод байна. Үзэгчид хувцас юу ч өмсөж болно, нялх хүүхдээ дагуулж ирээд тоглолтон дунд уйлуулна, хоцорч ирээд чанга чанга ярьж үзэгчид дундуур алхална, бөөнөөрөө яваа хүүхдүүд инээлдэж ханиаж, шүгэлдэнэ, дээрээс юм шидэх гэх мэт хайран тоглолтыг тун хялбархан гутаах юм. Тоглолт нэг иймэрхүү уур амьсгалд, иймэрхүү үзэгчидтэй болж байхад хэн илүү мөнгө төлөх вэ? нийгмийн мөнгөтэй, боловсролтой хэсэг ийшээ ирж, ийм орчинд суух гэж тэмүүлэх үү? Тэндээс ямар ханамж, үнэ цэнэ олж авах вэ?
Сонгодог урлагийн тоглолтын менежментийг оновчтой хийвэл Монголд харин ч хөгжих боломж, орчин таатай байх шиг. Сонгодог урлаг анх хөгжиж байсан үеэс дэлхий даяараа хөгжиж, асар их дэвшил гаргасан, эд баялаг ихийг бүтээсэн. Гэхдээ хүний сэтгэхүй, шунал тачаал, бусдаас ялгарах гэсэн хүсэл, нэрэлхүү зан, өөрийгөө илэрхийлэх гэсэн тэмүүлэлд ямар ч өөрчлөлт гараагүй, яг хэвээр байгаа. Тэгэхээр сонгодог урлагийг хөгжих үндэс болж байсан соёл, нөхцөл одоо ч яг хэвээрээ гэсэн үг.
Манай монголын хувьд социалист системийн үед зөвхөн театрын урлаг талаасаа л цоо шинээр хөгжүүлж, хоногшуулсан тул бид сонгодог урлагийг кино, тайзны жүжиг, эсвэл хошин урлагийн тоглолттой адилтган үздэг. Харин одоо бид “соц” биш “кап“ нийгэмд эргэлтгүй орсон тул сонгодог урлагийг нийгмийн манлайлагч давхаргын үзвэр, арга хэмжээ болгон хөгжүүлж, дэг жаягтай, олон нийтийн дунд биеэ авч явах, боловсролтой, боловсронгуй байх соёлын нэг жишиг, түгээгүүр болгон цоо шинээр хөгжүүлэх хэрэгтэй.
Тоглолт цөөхөн байж болно, гэхдээ тасалбарын үнэ хошин шогийн тоглолтоос ямар ч байсан өндөр байх ёстой. Тоглолтод ирэх хүмүүс жинс өмсөхгүй, зохистой хувцаслах, бага насны хүүхэд дагуулж ирэхгүй байх, биеэ хэрхэн авч явах талаар зөвлөж, журамлаж, театрын хаалгаар орсон л бол үйлчилгээ, орчин кино театраас эрс өөр байхаар зохион байгуулах. Тоглолтод ирж буй хүмүүс яаран хоцрон ирээд, хальт мулт үзээд явдаг биш, тоглолтоос эрт ирж музей үзмэр үзэх, сайн кофе цай уух, бусадтай уулзах, сууж амрах, цагийг тухтай өнгөрөөх орчинг бүрдүүлсэн баймаар.
Ингэж зохион байгуулахад хүндрэлтэй биш. Ийм орчинд бол үнэтэй байсан ч нийгмийн урагш тэмүүлсэн хэсэг ирж сонгодог урлаг үзэнгээ тухлана. Сонгодог урлагаар дамжиж залуу үе, нийгэм шинэ соёлд суралцана, хэвшинэ, бусад үзвэр, олон нийт, хотын соёлд жишиг болж түгэн дэлгэрнэ. Урлаг нийгмийг өөрчлөнө гэдэг, нийгэм урлагаар дамжиж өөрчлөгдөнө гэдэг нь ийм нөлөөг л хэлдэг байх. Үнэхээр л одоо хүн төрөлхтөний нийтийн соёл гэж байгаа хүнтэй мэндлэхээс эхлээд хоол идэх, хутга сэрээ барих хүртэлх соёл барууны дээдсийн ямба, дэг жаягаас л улбаалж дэлгэрсэн зүйлс.
Аль ч нийгэмд дээдчүүл нь үлгэр дууриал болж, тэмүүлэх нэг загвар болж нийгмийнхээ хөгжлийг чирдэг юм байна. Иймээс, жишээ нь бид нийт ард иргэдээ хотын соёлд сургахын тулд олон нийтэд хандсан сурталчилгаа хийхээс илүүтэй нийгмийн тэргүүлэгч хэсэгт хэвшүүлж, үлгэр болгох хэрэгтэй. Эхлээд тэргүүлэх хэсэг нь нэгдсэн соёл, үзэмж, нэгдсэн кодтой болох хэрэгтэй. Ингэж хэвшүүлж, нийт дундаа нэг соёлтой байх нөхцлийг олон нийтийн арга хэмжээгээр, тухайлбал сонгодог урлагаар дамжуулж соёлын жишиг тогтоох ёстой юм. Монгол залуу хүн олон нийтийн дунд биеэ яаж авч явах ёстой вэ, тэдгээрийг л сонгодог урлагийн театрт хэвшүүлэх шаардлагатай. Соёл урлаг нийгмийг гэгээрүүлнэ гэдэг нь нэг иймэрхүү л суваг, замаар явна.
Тэгэхээр Сонгодог урлагийн театрын одоогийн дарга, менежер нийгмийн өмнө ямар их хариуцлага, үүрэг хүлээж байна вэ? (ингэхэд, театрын дарга, менежер заавал бүжигчин, жүжигчин байх ёстой юу?) Нийгэмд ямар их эерэг өөрчлөлт, дэвшлийг авчрах боломж тэдний гарт байна вэ? Энэ ажилдаа бушуухан орж, зоригтой өөрчлөлт хийгээсэй, ядахдаа тоглолтын эргэн тойрны дэг, журмаа цэгцэлж мөрдүүлээсэй, нийгмийг өөрчлөх “агуу үүрэг”-тээ яаран ороосой.
Б.Найдалаа
2010 оны 10 сарын 5.