Н.Энхжаргал

Анх 90-ээд оны сүүлчээр “хүчээ авч” эхэлсэн Цахим өртөө сүлжээгээр Японоос Найдалаа нэртэй нэг оюутан нэлээд идэвхтэй бичдэг байсан ба анх Найдалаагаа Японд сурдаг охин гэж боддог байснаа нуух юун. 2000 оны дундуур сургуулиудаа төгсөж ирцгээгээд, Цахим өртөө холбоог хамтран үүсгэн байгуулцгааж, түүнээс хойш мөн ч олон жил найзалж нөхөрлөн, Цахим өртөө холбооныхоо хүрээнд нийгэм рүү чиглэсэн олон ажлуудыг хамтран зохион байгуулж байсан билээ.

Сүүлд зөвхөн төрийн бус байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулах нь дэндүү хязгаарлагдмал учир арай өргөн хүрээнд ажиллая, илүү олон залуучуудыг татан оролцуулья хэмээн “Монгол Зорилго” клуб-ыг Найдалаа маань үүсгэн байгуулсан юм. Улмаар 5 жилийн өмнө ХҮН намыг хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж, намаа хэсэг нөхдүүдээр “самруулж” байх үедээ ч хэзээ ч ноён нуруу, тайван уужуу зангаа гээж байгаагүй юм. Мөн “Монголын Банкны Холбоо” хэмээх хүчирхэг байгууллагын захирал байсан ч, олон улсын байгууллагын жирийн нэгэн зөвлөх байсан ч, Монголд шинэ салхи авчрах томоохон улс төрийн хүчин-ХҮН намын дарга болсон хэдий ч хэзээд нэг л зангаараа байдаг ийм л нэг энгийн даруу зантай, хүн ялгаж харьцдаггүй, яг л Канад, Хойд Европ зэрэг орнуудад түгээмэл болоод байгаа шинэ үеийн “энгийн зөв” удирдагчдын нэг юм.