Б.Цэрэнбат
Найдалаа улс төрд зориглон орсноосоо хойшхи 5 жилд тэр олон зүйлийг үзэж туулж, бүдэрсэн намаа босголцож, даргаар нь сонгогдож, өдгөө хүчтэй гуравдагч хүчин хэмээн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд авчирсан нь түүний зорилготой, үзэл санаандаа үнэнч, зарчимч, хичээнгүй, хүлээцтэйн илрэл.
Журмын нөхөдтэйгөө хамтран өнө эртний үүх түүхээсээ улбаалуулан өнөөгийн хийгээд ирээдүйн Монгол хүн гэж хэн болох, Монгол орон хэрхэн хөгжих тухай “Монгол хүний товчоон” номыг бичсэн нь энэ ХҮН-ын үзэл санааны тунхаглал болсон. Тэр, тэд өнгөрсөн 4 жилд улс төрийн цэгц үзэл баримтлалтай, зөв хүчин болж төлөвшихийн төлөө хичээн ажилласан нь энэ удаагийн сонгуулиар нэр дэвшиж буй шинэ үеийн боловсрол мэдлэгтэй, нэр цэвэр залуусын нэгдэл болж, улам олуулаа ирснээр харагдана. Нүүр номноос нь түүний үзэл бодол, хийж бүтээж ирсэн ажил үйлсийн холбогдох мэдээллүүдийг хангалттай авч болно.
Тэдгээрийн дотроос түүний өөртөө итгэлтэй, үзэл санаандаа үнэнч, бусдыг манлайлан дагуулах түвшний улс төрийн хүчний удирдагч болтлоо өсөж боловсорчээ хэмээх сэттгэгдлийг эрхгүй төрүүлсэн 70/76 нэвтрүүлгийг энд дурдаж байна.
Их хурлын гишүүн болбол ... хэмээх асуултад маань тэрээр “Хөгжлийн бодлого гээч зүйлд, түүний тухай ойлголт хандлагыг одоогийнхоос эрс өөрчлөх ёстой. Хөгжлийн бодлого бол зузаан гоё цаас биш, үндэстнийг нэгтгэдэг хэдхэн зарчим. Хийж байсан ажлын хүрээнд бодвоос Монгол Улс ногоон санхүү, хөрөнгө оруулалтын төв болох бүрэн боломжтой, Энэ бол угаас заяамал нүүдэлчин монголчуудын өгөгдөл дээр суурилсан амжилттай хэрэгжүүлсэн хэдэн багц төслийн хэрэгжилтийн эхлэл юм… Энийг төр нь, сайдын түвшинд, бүр ЕС-ын түвшинд мэдэрч манлайлж чадвал Монголчууд богино хугацаанд хөгжлийн замдаа жигдэрч, өөрийн жинхэнэ дүрээ олно. Олон зүйл дурдаж болох ч энэ хоёрыг онцолж дурдав” гэсэн хариу өгөв.
Хөгжлийн эдийн засагчийнхаа хувьд тэрээр улс орны хөгжлийн бодлого загварыг ерөнхийлөн авч үзэж шинэ хандлагыг бий болгохоор ажиллах нь байна.
Гадаадад суугаа монголчуудын тухайд тэрээр “тэд маань монголын хөгжлийн асар том хүч нөөц баялаг. Монгол төрөөс гадаадад байгаа иргэддээ хандах хандлагыг 180 хэм эргүүлэх ёстой гэж бат итгэдэг. Асуудал биш нөөц, нөөц баялгийн гадагшлах урсгал биш дотогшлох урсгал гэж харж эхлэмээр. Хүнээ алдчихвий, гараад явчихвий гэж хүчээр хураах биш харин зөв газар нь далд аргамжаатай илгээж, монголоор нь байлгаж монголоо тэлэх, хүч нөөцийг нь эргүүлж татахыг эрмэлзэх ёстой. Монгол хүн амьдарч байгаа л бол тэр газар Монголчуудын “эх орон” гэж үзэж, хандлагаа өөрчлөх ёстой. Эрдэм мэдлэг, туршлага, мөнгө санхүү, хөрөнгө оруулалт, урам зориг бүхнийг хурааж төвийг нь УБ болгож, дэлхийн монгол болгохoд гадаадад суугаа монголчуудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээсэн.
Ирж буй шинэ үеээ манлайлан улс орны хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөөх их үйлд нь амжилтыг хүсэн ерөөе!
Гадаадад суугаа Монголчууд маань түүний нэр дэвшиж буй тойрог дахь таньж мэдэх анд нөхөд ахан дүүстээ сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалаарай!