Б.Баярмагнай

Та бүхэнтэй өөрийн амьдралын нэгэн чухал хэсгийн талаар бодож явдаг сэтгэгдлээ, богино түүх гэх юмуу тэр зүйлийг хуваалцмаар санагдаад байсныг өнөөдөр бичлээ.

2012 он: Тухайн үед өөрөө ХасБанкинд 5 гаруй жил ажиллачихсан, бас бус клуб, залуучуудын байгууллагууд хамрагддаг тэрүүхэндээ, өөртөө том байлаа.

Удалгүй Монголын Банкны Холбоонд ажиллах завшаан гарч, бараг л бүгдийг хийнэ, ёстой л ”Би чадна” гэсэн нөхөр очсон юмаа. 1 сар гаран болж байтал шинэ захиралтай болсон нь Бадрахын Найдалаа байсан бөгөөд би Эдийн засгийн форумын захирал гэдгээр нь мэддэг, өөрөө форумын зохион байгуулалт дээр ганц хоёр удаа ажиллаад үзчихсэн байсан болохоор таньдаг захирал байна гээд бас л тээ... дотроо бол додигор л байлаа.

Хэсэгхэн хугацааны дараа нөгөө унтаа байсан холбоо чинь хурал уулзалт, шинэ шинэ төсөл, олон олон ажлууд оволзож, банкны мэргэжилтнүүд орж гардаг, асуудлаа хэлэлцэж шийдвэрлэдэг, дуу хоолойгоо хүргэх газартаа хүргэчихдэг утгаараа Мэргэжлийн Холбоо болох эхлэл нь тавигдсан. Маш бага хугацаанд шүү! Тухайн үед нөгөө “би чадна” Магнай гуай хэсэг паактлаж, зарим нэг ажлыг хөөрхөн самарч эхэлсэн бөгөөд харин манай багийнхан, Найдалаа захирал дэмжиж, хамтаараа засч залруулж, ёстой л ХАМТ-ЛАГ-аараа яаж ажиллахыг зааж эхэлсэн байдаг.

Нэг мэдсэн мань нөхөр банкны салбарын АйТи, Цахим банк, Карт, Маркетингийн чиглэлийг хариуцаад, мундаг мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг болчихсон байх жишээтэй. Энэ нь Найдалаа захирал л намайгаа аймаар сэнхрүүлж, итгэл хүлээлгэсэн байсан байх гэж боддог. Тэр үед Найдалаа захирал бүхий л зүйлсийг шинээр бодож, эмхэлж, салбарын холбоо ийм байх ёстой гэдгийг самбар дээр зурж л эхэлсэн ч тэр бүх зүйлс биелэлээ олчихсон, улам илүү бэхжээд, хөгжөөд явж байгаа нь нүдэн дээр ил байдаг. Энэхүү бодит жишээ нь Mongolian Bankers Association юмаа.

Одоо ингээд бодоход энэ хүнээс хамгийн чухал нэг зүйл сурсан нь аливаа зүйлд хандах хандлага юм гэж бодсон. Мөн өөрийнхөө зарим нэг сул талыг гээж илүү гүйцэтгэлтэй, чин сэтгэлээрээ хандах, хэнтэй ч илүү нээлттэй зарчимтай харилцааг илүү үзэхийг хичээдэг болсон юм боловуу. Гол нь яг хамтарч ажиллах байх үедээ энэ сурч мэдээд байгаа зүйлс, даган дуурайж байгаагаа мэддэггүй байсан юм билээ. Ямар сайндаа сургалт, хичээлийн үеэр өөрийн мэдэлгүй маркер барьчихсан самбар дээр юм зурж байх вэ дээ.

Эцэст нь бас нэг чухал зүйлийг хэлэх гэсэн юм. Яг одоо энэ хүнд, эдрээтэй, МАШ ЧУХАЛ цаг үед нэр, гар цэвэр, хийсэн бүтээсэн зүйлтэй #ЗөвХҮН, хүмүүс л энэ улс эх орныг маань ЗӨВ зам руу чиглүүлж, та бидний хүү, охин ирээдүйд илүү сайн сайхан Монгол улсад амьдрах боломжыг бий болгох эхлэлийг ЗӨВ гаргаж чаднаа гэж боддог юмаа. Надтай адил үзэл бодолтой залуус илүү олон байгаа гэдэгт найдаж байгаа шүү НАЙЗУУДАА!