Э.Нандин-Эрдэнэ
Сонгууль ч дөхлөө, сонгогчид маань ч зарим нь шийдвэрээ аль хэдийн гаргачихсан байгаа байх. Гэвч Badrakh Naidalaa захирлынхаа талаар хүмүүсийн тэр бүр таньж мэдээгүй байж магадгүй сайхан чанаруудын талаар амжиж бичих хэрэгтэй санагдлаа. Миний хувьд карьерийн эхлэлийн үедээ Найдалаа захирлын шууд удирдлага дор ажиллаж, улс оронд маань хэрэгтэй чухал үйл хэргүүдэд хамтран ажиллаж, салбар бүрийн мундагуудтай танилцаж, энэ хүнээс үг сонссон доо маш их талархаж явдаг. Манай баг 3-лахнаа хэрнээ 30-лаа юм шиг ажиллаж чаддаг байсан, тэгэж ажиллах урам зоригийг асааж өгдөг байсан хүн бол Найдалаа захирал байлаа. Захирлаасаа сурсан зүйлс маш их байгаа ч дараах 5 зүйл л Найдалаа захирлыг тодорхойлчихож болох юм шиг байна.
- Эр зориг - Улс төрд орно гэдэг, ялангуяа цэвэрлэж цэгцлэх ажил тун ихтэй Монголын улс төрд орохоор зориг шулуудна гэдэг маш том эр зориг. 2020 оны сонгууль түүний хувьд 2 дахь сонгууль нь юм. Би анх ТоС-д ороод "захирлыг улс төр хөөгөөд явчихвал бид 2 яаанаа, яагаад заавал улс төр лүү ер нь орох гээд байгаа юм бэ" гэж гайхдаг байсан. Одоо бодоход захирал ТоС-ийн ажил, Монголын ногоон санхүүгийн корпораци төсөл, гэр бүл, улс төрийн ажил + намын даргын ажил, хажуугаар нь Оюука бид 2-ын гомдоллолт гээд яаж амжуулдаг, ямар их зүйл бодож, тээж явдаг байсан бол гэхээр их өрөвддөг, бахархдаг юм. Захирал шиг хүн уг нь өөрийн туршлага, мэдлэгээрээ хаана ч ажилласан амжилттай явна, гэхдээ нийгэм, эдийн засгийн байдал, ард иргэдийн аж амьдрал, бодол сэтгэхүй ямар байгааг харахаар тэвчээд суух ямар ч боломж байхгүй, та 2 удахгүй ойлгоно гэдэг байсан. Захирал ч биш ер нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бүрийн эр зоригоор би хувьдаа бахархаж байгаа.
- Платформ - Найдалаа захиралтай хамт олон салбарын, төрөл бүрийн төслүүд дээр ажиллахын хирээр ер нь аливаа компанийн, төслийн амжилттай цааш хөгжих үндэс нь зөв платформ байдаг юм байна гэдгийг их сайн ойлгож авсан. Үүний хамгийн тод жишээ бол ТоС. Өөрөөр хэлбэл нэг зорилготой өрсөлдөгч нарыг хэрхэн 1 алсын хараанд нэгтгээд, хэн ч аль талаас нь ч оролцоод хувь нэмрээ оруулангаа өөрийнхөө зорилгыг хамтын хүчээр биелүүлчих боломжтой тийм neutral платформыг бий болгох нь чухал. Одоо ингээд харахаар ОУ-ын төслүүд, за мөн улс төрийн намууд ч тэр нэг ижил зорилготой хэрнээ өөр өөр талаас нь дутуу дулимаг, хэт хэвшмэл арга барилаар үзээд байгаа нь эдийн засгийн хувьд үр өгөөж багатай, цаг, мөнгө, хүч үрсэн байгаад байгаа. Харин нэгдээд өөр өөрсдийн чадах зүйлээрээ бие биенийгээ нөхөөд явбал хамаагүй хурдан, өгөөжтэй, үр дүнтэй ажиллаж болохоор. ТоС-ийн хувьд бол өрсөлдөгч 13 арилжааны банкыг "тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх" гэдэг нэг зорилгын доор нэгтгэсэн, энд ямар ч өрсөлдөөн байхгүй, бие биедээ сурснаа заагаад явдаг, хамтраад ажил хийдэг, хамт хөгждөг, нэгийгээ хаядаггүй, чирдэггүй, хамтдаа гоё ногоон зүйлийг мөрөөддөг ийм л платформ.
- Эрх чөлөө - Захирал Оюука бид хоёрт маш их эрх чөлөө олгодог байсан. Сэтгэх, ажиллах, хэлэх, илэрхийлэх, сонсох. Хүн ер нь эрх чөлөөтэй байж байж л аливаад бүтээлчээр ханддаг, шинэ юм эрэлхийлдэг, хийх хэлэх эр зоригтой болдог. Платформын хувьд бас нэг амжилтын фактор нь эрх чөлөө юм. ТоС-ийг амжилттай хэрэгжүүлэхэд дунд шатны менежерүүд, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл их байсан. Тэднийг л асаачихвал, тэгээд чөлөөтэй сэтгэх, чөлөөтэй эрэл хийх эрх чөлөөг нь нээгээд өгчихвөл хүн болгон дотроо байгаа сайн сайхан, хэрэгтэй зүйл хийж бүтээх хүсэл эрмэлзэлээ ил гаргаж, ажил хэрэг болгодог. Одоо ингээд бодохоор их эрх чөлөө олгосон болохоор л их ажлын ард гаржээ, их зүйл сурчээ, хурдан хийж гүйцэтгэжээ гэж боддог.
- Итгэл - Хийж байгаа ажилдаа, зорьж буй үйл хэрэгтээ, өөрөө өөртөө итгэхгүй байвал юу ч хийсэн хайран цаг, энерги болно. Найдалаа захирлын хувьд хамгийн чухал заасан хичээл нь "итгэл" байсан юм байна гэж бодсон. Ажлыг том гэж сүрдэхгүй, нас, туршлагаа бага гэж голохгүйгээр том ажлыг барьж авч хийх, харилцаа холбоо тогтоох чадварт суралцсан. Захирлын хувьд хүнд итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлж, хийж бүтээе гэсэн цогийг нь асааж чаддаг. Манай ТоС-ийн банкны зөвлөлийнхөн бүгд захирлыг энэ талаар нь сайн мэднэ. Энэ бас хэн хүнд байхгүй л чанар гэж боддог.
- Алсын хараа - Энэ зураг дээр байгаа онгоцыг 2013 онд ТоС-ийн санаачлага эхлэхээс авахуулаад 7 дахь жилдээ ярьж байна. Манай банкныхан бол энэ ТоС нислэгийн зургийг андахгүй. Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино гэдэг шиг алсын хараатай, хаашаа явж байгаа мэддэг байх нь хамгийн чухал болохоор үүнийг хоногшуулах талаас нь захирал их мэрийн ажилласан. 7 жил үүнийгээ л ярьсан, хүрэх газраа аль хэдийн харчихсан үүндээ итгэл үнэмшилтэй байхаар чинь сонсож байгаа хүмүүсээ ч дагуулж, итгэл үнэмшлийг нь төрүүлж чаддаг юм билээ.