Ш.Батжаргал


Найдалаатай би М-Си-Эс Группд ажиллаж байхдаа танилцаж байсан юм. Мань эр тэр үед Юнител компанийн бизнес хөгжлийн газрын захирал байсан юм. Би бээр бол М-Си-Эс Академид ажилладаг байв. Олон ажил дээр хамтрах шаардлага гарч байсан ба түүний багшлах чадвар, мэдлэг нь их дэмтэй. Өөрөө ч аливаа шинэ зүйл суралцахдаа их идэвхтэй, өрөөлийг сургах, хөгжүүлэх хүсэлтэй. Багшийн болоод багшлах ажлыг их ойлгодог болохоор тэр биз. Хүмүүсийнхээ хөгжил дэвшилд их анхаарна. Нээлттэй хандана. Өөрөө ч их энгийн, нээлттэй болохоор аливаа асуудлыг хэлэлцэн ярилцахад их хялбар, хамтдаа шийдэл олоход хялбар байдаг. Тууштай. Эелдэг, найрсаг, тиймээс ч удирдлаган дор нь ажиллаж байсан хүмүүсийн feedback нь дандаа эерэг, сайн байдаг. Яагаад бусдын үнэлгээ, дурсамжыг чухалчилдаг вэ гэхээр, сайн лидерүүд үргэлж ардаа эерэг дурсамж, legacy үлдээж байдаг. Тиймээс түүнд би ач холбогдол өгдөг юм.

Мэргэжил мэдлэгийн хувьд хэнээс дутахааргүй шилдэг эдийн засагч. Бусадтай хамтран ажиллаж чаддаг чадвар нь бусадтайгаа (олон нийтийг нэгтгээд) хамтдаа нийлээд тэднийг удирдаад, олон шилдэг мэргэжлийн мэдлэг чадваруудыг нэгтгээд, нэгдсэн бодлого гаргаад улс эх орноо удирдаад аваад явалцах чадвартай гэж үзээд байгаа юм. Олон мэргэжилтэн, эрдэмтэн, оюунтан, иргэдийн дуу хоолойг нэгтгээд, төлөөлөөд улсынхаа бодлого, хууль дүрмэнд оруулахад их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа. Үүнийг нь амьдрал болгохыг уриалъя.