Ц.Батсүх

1998 оны 10-р сарын эхээр би Гадаад Харилцааны Яаманд ажиллаж байгаад СЭЗДС-ийн Математик, Мэдээлэл зүйн тэнхимд багшаар ирэхэд манай сургууль Нягтлан бодох бүртгэл, Банк санхүү, Бизнес судлал, Гадаад хэл, Математик-Мэдээлэл зүйн гэсэн таван тэнхимтэй 50 гаруй багштай, багш нарын дийлэнх нь залуучууд байж билээ. Ялангуяа Бизнес судлалын тэнхим олон залуу багш нартай. Тэдгээрийн нэг нь Найдалаа байлаа. Тэрээр микро, макро экономиксийн (эдийн засгийн ухааны) хичээл заадаг байв. Залуу насны ааг омог, авхаалж, хийморь, хүсэл тэмүүлэл өөдөө тэр олон залуу багш нарын дотроос Найдалаа хамаагүй буурь суурьтай, хэрсүү, ухаалаг нэгэн байна даа хэмээн надад санагддаг байв.

Улмаар 2000 оны 2-р сард Математик, Мэдээлэл зүйн тэнхимийн Математикийн 3 багш болон Бизнес судлалын тэнхимийн Экономикс заадаг 3 багшаас бүрдсэн “Экономикс, Эконометриксийн тэнхим”-ийг байгуулсан юм. Шинэ тэнхимийн эрхлэгчээр би, харин экономиксийн багшаар Найдалаа ажиллаж эхлэв. Тэр үед манай сургууль хуучин техникум байхад төгссөн оюутнуудыг бакалаврын зэрэгтэй болгох болон өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн ч санхүүгийн мэргэжилтэй болох гэсэн олон зуун оюутан залуусыг орой, эчнээ, бямбын гарагийн хөтөлбөрөөр сургаж байсан тул долоо хоногийн 6 өдөр хичээлийн нилээд ачаалалтай явдаг байв.

Залуу багш Найдалаа энэ их ачааллын ихэнхийг үүрч, шинэ тэнхимийн зохион байгуулалт, өдөр тутмын ажилд идэвхи чармайлттай оролцдог байв. Хааяахан түүнтэй улс орны эдийн засаг, улс төрийн талаар ярилцахад өөрийн гэсэн дотоод үнэт зүйлстэй, зарчимтай нэгэн болохыг мэдэрдэг байв. Улмаар 2001 оны зун Австрали улс руу явж, 1 жил суралцаж ирээд, Японы Улсын Кобе их сургуульд Хөгжлийн экономиксийн чиглэлээр сурахаар явахад би баяртай байлаа. Учир нь энэ хүн “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөн ирж” улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах нэгэн хэмээн дотроо бодож байсных.

Хөгжлийн экономикс буюу хөгжлийн эдийн засгийн ухаан нь хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй улс орнуудад тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн асуудлуудыг авч үзэн, тэдгээрийн хэрхэн шийдэх арга ухааныг судалдаг эдийн засгийн салбар юм. Мөн олон улс орны төрөл бүрийн жишээ туршлагуудыг судалдаг. Энд ажилгүйдэл, ядуурал, орлогын тэгш бус байдал, зохицуулалтын хомсдол, ёс суртахууны гажуудлууд, хүн амын төрөлт, нас баралт их байгаа байдал, оюуны дайжилт гээд л олон асуудал хамрагдана. Мөн хөгжиж чадахгүй байгаа шалтгааны нэг болох “институцын дутагдал”-ыг авч үздэг.

Хөгжлийн эдийн засагч Б.Найдалаа Японд төгсөж ирээд тэр үеийнхээ арилжааны том банкуудын нэг болох Анод банкны Эрсдэлийн удирдлагын газарт ажиллах болсон юм. Манай тэнхим 2002 оноос “Бизнесийн эдийн засаг” мэргэжлийн хөтөлбөр эхлүүлсэн ба 2006 онд анхны төгсөлтөө хийхэд манай мэргэжлийн анхны элсэгч, мөн анхны төгсөгч Ч.Анхбаярыг ажилдаа авч, ажиллуулж билээ. Манай анхны төгсөгчийн ажлын замналыг зөвөөр эхлүүлсний хүчинд одоо манай төгсөгч математикийн ухааны магистр, бизнесийн ухааны докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн Бизнесийн сургуульд багшаар ажиллаж байна. Анхаагаас гадна Сангийн яам, Банкуудын холбоо зэрэг байгууллагад манай төгсөгчдийг авч ажиллуулан, ажлын гарааг нь зөвөөр чиглүүлсэн жишээ цөөнгүй.

Найдалаа их, дээд сургуульд багшлахаас гадна, бизнесийн хийгээд мэргэжлийн холбоодын удирдлагад ажиллаж, академик болон практик ажлын ихээхэн туршлага суусан нэгэн. Тэрээр 2 жилийн өмнө сургууль дээрээ ирж, Монгол Улсын хөгжлийн загвар, түүний дотор “Шинэ Монгол үндэстэнг цогцлоон бүтээх” санаатай илтгэл тавьж билээ. Итгэлийн гол санаагаа Израйль, Сингапур улсуудын хөгжлийн загвараас авсан тухайгаа, мөн ямарч ном, сурах бичгээс энэ загварын талаар иж бүрэн мэдээлэл олохгүй хэмээн ярьж байв. Энэ илтгэлийг сонсож суухдаа миний бие “нээрээ л улс үндэстнийг тодорхой үзэл баримтлал, суртлын үндсэн дээр зөвөөр бүтээж байж, хөгжлийн загвар улс болдог юм байна” хэмээн ойлгож авсан юм.

Удалгүй тэрээр журмын нөхдийн хамт “Монгол хүний товчоон” хэмээх бүтээлийг туурвисан байв. Тус номоос энэ хүн Монгол үндэстэнг, Монгол Улсыг хэрхэн бүтээн цогцлоох талаар бүрэн зураглалтай, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар арга замыг мэддэг, өнөөгийн алсын хараа, зүг чиггүй байдлыг гэтэлгэх ухааны цараатайг олж харах бололцоотой юм. Тиймээс би түүнийг Монгол Улсын хөгжлийн архитекторч байж чадна хэмээн бодно. Өргөн олон маань хөгжингүй улсуудын амжилтын цаана тухайн үндэстнийг бүтээн цогцлоох агуу ухаан, төрийн бодлого байсан гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх буй за. Түүний бодсон, боловсруулсан, гүйцээхийг хүссэн ажлууд биеллээ олох боломж олдож, Монгол түмний заяа түшнэ хэмээн итгэнэм.

Ц.Батсүх