Хуушуур түлэхгүй, хагалахгүй хайрах туршлага

Хуушуур хайрахад пис пас, түс тас, бөөн хиншүү болчих гээд зовлонтой байдаг байлаа. Саяхнаас л учрыг нь бүрэн олж, хагалахгүй, түлэхгүй, түүхийрүүлэхгүй хайрч сурав. Аргыг нь мэдсэн бол маш амархан байж. Туршаад үзээрэй.

Энэ халгайтай хуушуур. Сүүлтэй, шөлтэй, мах нь барьцалдаж котлет болоогүй, түлэгдээгүй, хагараагүй тул тос нь тунгалаг хэвээр.

Хуушуур хайрах арга туршлагаа дор нэмэв. Хуушуур зөв хайрах нь ямар хайруулын таваг, ямар тос, мах, гурил хэрэглэсэнтэй ямар ч хамаагүй. Дараах хэдэн хялбар зүйлийг мөрдөөд үзээрэй.

(1) Чимхэх - хийгүй сайн чимхэх, чимхсэн талаа болж өгвөл хажууд нь гаргах. Чимхэлт задрах ёсгүй.

(2) Чимхчихээд дэлгэж тавиад хүлээгээд хатаагаад байдаг даа. Энэ бол хагарах үндэс болдог, аль болох чимхэнгүүтээ шууд нойтноор нь шарах. Тэгэхээр эхнээс нь шууд хийгээд нэг нэгээр нь ээлжлээд гаргаад цувуулаад байх хэрэгтэй, 5-6 ширхэгээр нь зэрэг "багаар" нь шарах биш.

(3) Тос хамгийн багадаа хуушуурын талыг бүрхэхээр байвал зүгээр санагдсан. Гал ширүүн биш, бүр сул биш. 100% гэж үзвэл 75% гал таарах байх. Манай гэрийн плитка дээд халалт 14, хуушуур хайрахад 10-11 хооронд тохируулаад байхад яг таардаг.

(4) Хуушуураа тос руу хиймэгц эргүүлж, тал талаас нь гурилыг нь жигд бэхжүүлж авах. Нэг талыг нь шарчихаад эргүүлж нөгөө талыг шарах нь буруу, анхнаас нь, ялангуяа хийнгүүтээ эргүүлж биежүүлж авах нь хагарахгүй үндэс.

(5) Хөөгөөд, мах гурил салж эхлэх нь болсны шинж. Хөөхөөрөө дээрээсээ хагарч цуурч эхэлдэг, энэ үед эргүүлж шүүсийг нь гоожуулж пис пасхийлгэж болохгүй, "аргадаж" байгаад гаргаарай... ингээд миний болхи арга болоо. Хялбархан.

Хайралт амжилттай болвол эргээд хэлцгээгээрэй, үзүүлцгээгээрэй.