ХҮН багийг тууштай дэмжиж, бидэнд саналаа өгсөн бүх хүмүүст гүнээ талархая! Таны надад болон миний нөхдөд өгсөн санал үхээгүй, орхигдоогүй гэдэгт итгэлтэй байгаарай. Та бид хамтдаа Монголын улс төрийн түүхэнд тод үлдэх хөдөлгөөнийг эрчилсээр, нэг хэсэг нь болсоор байгаа шүү.
ХҮН Нийслэлд 3 суудалтай, дүүргүүдэд нийт 12 суудалтай боллоо. Одоо бид Нийслэлийн болон дүүргийн хурал гэж юу байдаг, төлөөлөгч нь яаж ажиллаж болохыг шинээр нээж харуулна аа! Улс төрийн гуравдагч хүчин нийслэл дүүрэг орон нутгийн сонгуульд ингэж өргөн фронтоор оролцож, амжилт гаргаж байсан түүх байдаггүй. Бид сүүлийн 30 жилд нэг баян хүний амбицаар биш нийгмийн захиалгаар төрөн гарч байгаа анхны жинхэнэ улс төрийн гуравдагч хүчин, бусдаас онцлог хөдөлгөөн...
Миний хувьд Чингэлтэй дүүргээсээ өрсөлдөж, НИТХ-д сонгогдож чадсангүй, харин дүүргийн хуралд 3-р хорооноос сонгогдов. Иргэд биднийг илт илүү таньдаг, ойлгодог, дэмждэг болжээ. Дэмжигчдийн тоо аажим боловч баттай суурьтай өсөн тэлж байна. Сая сонгуулийн ирц муу байсан ч саналаа өгсөн хүмүүсийн дунджаар 37% нь Найдалааг дэмжиж саналаа өгсөн. Ялангуяа 1-6 хорооны иргэд 50% хүртэл дэмжиж, энэ хороодод дандаа 1-р байраар жагслаа (ЧД-ийн 2 хүний нэг нь дэмжсэн гэсэн үг, БАЯРЛАЛАА). Дүүрэгт өрсөлдсөн манай 2 хүн ялсан, бусад олонхи нь маш цөөхөн саналаар дутаж аман хүзүүдсэн, бүх хэсэгт манай багийнхан АН-ын дээгүүр эрэмбэлэгдэв. Анх удаа оролцож байгаа, нэр дэвшигчид шинэ залуу, сурталчилгааг тал дутуу хийсэн гэхэд чамлахааргүй амжилт.
Ер нь манай тойрог, Чингэлтэй дүүрэг их хүнд тойрог. Мөнгө, төрийн алба, халамж, талоноор иргэдээ аргамжиж барьцаалсан МАН-ын хүчтэй, ужгирсан сүлжээтэй, АН бүр бууж өгсөн гэж болохоор улаан тойрог. Сая миний хувьд өөр тойрог сонгож, сорчилж өрсөлдөж, хялбархан сонгогдож болох байсан, тийм яриа санал ч байсан. Гэхдээ зарчмаа бариад Чингэлтэйгээс өрсөлдөхөөр шийдсэн. Нэгэнт улс төр гэж байгаа бол иргэдийг ялгаж, тойрог сольж сонгогдох биш хүмүүст өөрсдөө илүү хүрэх, асуудлыг нь хамтдаа шийдэхэд туслах ёстой гэж үзэв.
Бид урагшилсаар, дэмжигчид тэлсээр байна. Та тууштай, шантрахгүй, эргэлзэхгүй дэмжээрэй. Энэ дэмжлэг, таны санал бидний хүч тэжээл нь байдаг юм шүү. Бид итгэлийг тань алдахгүй ээ.
Та бүхэндээ маш их баярлалаа! Саналаа өгсөн Чингэлтэй дүүргийн 1-11 хороодын 7700 хүнд баярлалаа. Сонгуулийн нүсэр ажилд сэтгэл зүрх, цаг хүч гарган оролцож, дэмжсэн бүхэнд мөн баярлалаа. ХҮНээ тууштай дэмжсээр л байгаарай, бид сайн цагийг наашлуулна.
Найдалаа